Wednesday 3 April 2013

Олзуурхан хүлээсэн “Ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт”


Одоогоос яг жилийн өмнө хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур, симфони найрал хөгжмийн концерт”-ыг судлаачид  “Алтан намар”-ын тайзнаа сонсож ихэд олзуурхан хүлээн авч тэр ч бүү хэл, улсын шилдэг бүтээлийн санд зүй ёсоор бүртгэгдэн орсныг санаж байна. Харин жилээс жилд ямар бүтээл туурвих бол гэсэн хүлээлтийг хөгжмийн зохиолч өөрийн бас нэгэн томоохон бүтээл болох  “Ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-оор биелүүллээ. 
Концерт нь сонгодог 3 ангит хэлбэрт  бичигдсэн. Ингэснээрээ зохиомжийн хувьд ийм хэлбэрээр бичигдсэн ятгын анхны концерт төдийгүй, ерөөс Монголын хөгжмийн урын санд гоцлол хөгжимд зориулсан бүрэн 3 ангит концерт хуруу дарам цөөхөн байдаг гэдэг утгаараа олзуурхууштай. Зохиогч уг концертоо 2 ятганд зориулан бичжээ.
Концертын ангиуд нь дэвсгэр хөгийн хувьд 0-1 түлхүүрийн тэмдэгтэй их бага хөгийн харьцаанд авч үзсэн байна.  Харин дунд анги нь хамгийн удаан хэсэг нь төдийгүй зөвхөн зонхилох өрөгт /доминант/ илэрч буй нь онцлог. Үүгээрээ зөвхөн ятгаар эгшиглэх уянгын аялгуунаас ундарга авч улмаар төгөлдөр хуур, хийл, морин хийл зэрэг хөгжмүүд аажмаар орон зайгаа эзлэн хөгжсөөр улам хүчтэй болж /Piumosso/дээш хамтдаа тэмүүлэх хөдөлгөөн явсаар ятгын дээд нарийн өнгөөр тремолоор хөгжимдөх аялгуунд шингэн уусах мэт сэтгэгдлийг төрүүлэх ажээ.  Концертын бүтэц нь дараахь байдлаар бичигдсэн. Үүнд:
I анги – Presto /а moll - F dur - а moll/
II анги – Adagio /e moll/
III анги – Prestissimo /a moll - F dur - a moll/
I анги: Лимбэ хөгжмийн яруу тунгалаг дуудлагаар эхлэн  удалгүй уг аялгуу нь концертын гоцлол зэмсэг болох ятгад шилжин дуурьсана. Эхлэл хэсгийн энэ л  аялгууг цаашид зохиогч уг зохиолын гол цөм буюу оноот аяг /лейтмотив/ болгон  янз бүрээр хувилбарлан ашиглажээ.Нэгдүгээр ангийн хурдан хэсэг нь найрал хөгжмийн эрчимт аялгуугаар эхлэн 20 дахь айзмын дараа ятгад энэхүү ангийн гол сэдэв аялгуу оржирнэ. Цаашид хөгжим улам өрнүүн болж сонгодог концертын мөн чанар болох гоцлол хөгжим, найрал хөгжмийн дотоод өрсөлдөөн буюу хөөцөлдөөнөөр үргэлжилсээр найрал хөгжмийн дуурьслын оргил хэсэгт хүрэх ажээ. Үүний дараа каденц буюу гоцлол хөгжимчний чөлөөтөй зохиомжлон тоглох хэсэг орж ирнэ. Уг нь гоцлоочийн чөлөөт тоглолт концертын уламжлалаар бол нилээд хожуу 3-р ангид орж ирдгийг энд татан оруулсан байна. Энэ хэсэг төгсөхүйд монгол ардын яруу тансаг “Торгоны хээ” дуу ятгын чавхдаснаа  уянгалж, улмаар найрал хөгжмийн яруу дуурьсалд уусан шингэнэ.Энэ нь  цаашид үргэлжлэн  улам бүр өрнөсөөр оргилдоо хүрэх үед бидний мэдэх зохиолын эхлэл хэсгийн дуудлага ая буюу оноот аяг /лейтмотив/  лимбэ  ятгад давтан эгшиглэх нь содон ажээ. Ийнхүү I ангийн эрчимт хөдөлгөөнт  хэсэг дахин үргэлжилж  өрнөсөөр концертын эхний анги төгсөнө.
II ангид зохиогч симфони найрал хөгжмөөр эхлэхдээ гол цөм болох оноот аяг /лейтмотив/-аа дахин хувилбарлан ашиглажээ.Үүгээрээ амьдралын үргэлжлэл хийгээд нэгэн утга санааны дорхи бүтээл болохыг илтгэх мэт. Үүний дараа Ятгад энэ ангийн гол сэдэв аялгуу /тема /эгшиглэж, найрал хөгжимтэй сүлэлдэн өрнөсөөр оргилдоо хүрээд буцаж  тайвширна. Ажиглахуй, хоёрдугаар ангийн төгсгөлд мөн л оноот аяг /лейтмотив/ морин хийлд хүнгэнэн дуурьсах нь зохиогчийн аливаа бүтээлээ хэт задгайруулалгүй, нэг сонгосон “жанжин шугам”аа сайтар баримтладаг онцлогийн нэг хэмээн үзэж болно.
III анги шууд Ятгаар хөгжимдөх хурц тодхэмнэлт эгшгээр бүхнийг сэрээн эхэлнэ. Зохиогч энэ ангидаа хэм хэмнэл, дуурьслынолон янзын хувилбарыг ашигласан нь гоцлол болон найрал хөгжимчдөөс бэлтгэл, ур чадвар ихээхэн шаардсан нь харагдаж байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд яруу найрлын хөгжимчид Ш.Өлзийбаярын зохиолд “татагдсан” тоглоход“сэтгэл өег” урамтай байдгаа ярьж байдгийг миний бие мэдэх юм. Учир нь хөгжимчид бол уг зохиолын “эд, эс” бүхнийг амилуулдаг  учраас тэдний “сэтгэлийг хураах” зохиол бичих нь хөгжмийн зохиолчийн хувьд чухал зүйл хэмээнбоддог. III ангийн дунд хэсэгт “Торгоны хээ”дуу  дахин уянгалан орж ирэн сэтгэл гэгэлзүүлнэ. Үүгээр эхлэл, төгсгөлийн ангийн амин хэлхээ, нандин холбоог мэдрүүлэх мэт. Залгаад оноот аяг /лейтмотив/-ын дараа хурдан хэмнэлт хэсэг дахин өрнөсөөр найрал хөгжмийн оргил хэсэг /кульминаци/ -т хүрснээр төгсгөл хэсэг /Coda/залган авч зохиол өндөрлөнө.
Дүгнэвэл,  Ш.Өлзийбаярын “Ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-д ажиглалт хийж үзэхүйд, тэрээр  гоцлол болон найрал хөгжмийн тэнцвэрт харьцаа, найралжуулга болон ая хэмнэлийн хөгжүүлэг, оноот аяг /лейтмотив/- ыг хэрэглэх зарчим зэргээс мэргэжлийн өндөр түвшинд бичигдсэн байгааг харж болно. Мөн зохиолцаашид “амьдрах”, “хэрэглэгдэх” ,  он цагийг элээх чадвартай бөгөөд  ардын хөгжмийн мэргэжлийн урын санг том хэлбэрийнбүтээлээр баяжуулсан, ятгачдын болон найрал хөгжимчдийн ур чадварын хөгжилднөлөөлөхүйц чанартай сайн бүтээл болжээ хэмээн ухаарч байна.
Урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, хөгжим судлаач Д.Энхцэцэг
“Өнөөдөр” сонин  2012.11.09

No comments:

Post a Comment