Wednesday 3 April 2013

Сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй


2011-12-01

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “Вариаци Токката” хэмээх зохиол нь дэлхийн дэвжээнд өрсөлдөн шалгарч том шагнал хүртлээ гэсэн мэдээллийг уншигч та лавтай сонссон байх. Тэрээр энэхүү зохиолоороо “Гоо марал”-ын тэргүүн шагнал хүртэж, “Алтан намар-2010” наадмын шилдгийн шилдгээр шалгарч ёстой л залуу халуун насны ид хав, эрдэм чадлаа гайхуулж байсан тэр мөчөөс хойш  нэгэнтээ жил орчмын хугацаа өнгөрчээ. Дараагийн “Алтан намар” ч ээлжлэн ирж хөгжмийн зохиолчид маань авьяас онгодоо хөглөн өөрсдийн туурвисан бүтээлүүдээ уралдууллаа.
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр энэ удаад “Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт” бичжээ. Энэ нь түүний “Алтан намар” хөгжмийн наадамд зориулан туурвисан томоохон бүтээл юм. Энэ концертыг одоо цагийн чадварлаг хуурч Г.Шинэцог гоцлон хөгжимдөж, Улсын хөгжмийн хүрээлэнгийн симфони найрал хөгжим удирдаач Н.Бүтэнбаярын удирдлагаар хөгжимдлөө.
Зохиогч Дорнын говьд төрж өссөн, чамгүй сайн хуурч болохынхоо хувьд энэ зохиолдоо морин хуурын дуурьслын боломж чадавхийг бүхий л талаас нь нээн харуулахыг зорьсон байна. Энэхүү концерт нь 2011.07.02-нд ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотод зохиогдсон Монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Пентатоника” наадамд амжилттай тоглогдож, “Алтан намар” 2011 наадмын шилдэг бүтээлийн уралдаанд оролцон,  2011.10.15-нд Монгол улсын хөгжмийн хүрээлэнгийн өвөл цагийн нээлтийн концертонд шалгаран тоглогдсон бүтээл. Буриадын төвийн сонинд энэ бүтээлийн тухай бичихдээ: “Эмоциональным номером стало исполнение концерта для моринхура с оркестром монгольского композитора Ш.Улзибаяра. Солистом выступил Шине-Цог” гэжээ. Үнэхээр энэ зохиолыг сонссон хэн бүхний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй тийм их эрчмийг агуулсан төдийгүй зохиогч, тоглогч хоёрын авьяас мэдрэмж гагцхүү нэгэн цэг дээр огтлолцож, аялгуун гайхамшгийг бүтээх ажээ.  

            Ингээд юуны өмнө зохиолын ерөнхий бүтцийг бүдүүвчээр үзүүлбэл:

Largo 2/4, 4/4                        Удаан хэсэг

Presto 4/4                              Хурдан хэсэг                       

Meno mosso 4/4                   Хурдыг татаж тоглох хэсэг          

Presto espressivo 5/8,7/8    Догол хэмнэлт хэсэг

Moderato 4/4                         Бий биелгээ /Эпизод ч юм шиг/

Presto 4/4                               Хурдан хэсэг давтана.

Cadenza.                                Prestisimo

Coda 4/4              гэсэн дараалалтай байх бөгөөд үүнээс харахад хэмнэлийн хувьд хамгийн удаан /largo/-аас хамгийн хурдан /Presto espressivo/ хэмнэлийн хоорондох асар их хөдөлгөөнт орон зайг багтаасан нь ажиглагдаж байна.

Largo  Зохиол эхлэхдээ морин хуураар гоцлон, сул хөгөөр /b, b1, f1/ наймц, дөрөвцийн үсрэлттэй удаан аялгуу хам эгшгийн хамт дуурьсах бөгөөд энэхүү үсрэлт бүхий гурван эгшиглээс (нота) нь цаашид бүх зохиолын амин сүнс болох буюу оноот эгшиглээ (лейттембр) хэмээн үзэж болох ажээ. Энэ эгшиглээг флейта хөгжим тосон авч найрал хөгжимд аажмаар уусгахын сацуу морин хуурт гоцлол удаан аялгуу орж ирнэ. Найрал хөгжим хагас шатлал (хроматизм)-аар өгсөх үед морин хуурын гоцлол аялгуу наймц  дээгүүр дахин тоглогдох бөгөөд найрал хөгжим оргил (кульминаци) өөд тэмүүлсээр тодорхой цэгт хүрээд эргэж буун тайван аялгуу дахин эгшиглэнэ.  Найрал хөгжимд аялгуу өрнөсөөр оргилдоо хүрч нэг өнгөн дээр нумаар удаашруулан татахын үед  (деташе) морин хуурын оноот эгшиглээ дахин  орж ирэх ажээ. Үүнийг найрал хөгжим тосон авч чавхдаст хөгжмүүдэд эхний оноот эгшиглээ дахин давтагдсаар замхарна. Үүгээр зохиолын (Largo ) хэсэг төгсөж байна.  

 Presto буюу хурдан хэсэг яруу хэнгэрэгийн цохилгоор эхэлж найрал хөгжим тосон авч морин хуурын нумын маш хурдан техниктэй хэсэгт шилжинэ. Энэ хэсгийн онцлог гэвэл баруун монголын татлага аялгууны элементүүдийг сонгон авч, баяжуулан ашиглажээ. Энэ нь найрал хөгжмийн хэсэг болон хурдан ангийн туршид гол санаа нь болж өрнөнө. Гэнэт орж ирэх бөмбөрийн цохилгоор морин хуурын давхилтыг илэрхийлэх мэт. Гоцлооч болон найрал хөгжим уралдан бие биенээ хөхүүлэн дэмжиж,  зуузай холбон  зогсолтгүй урагшилах сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ. Ийнхүү энэ эрчимт аялгуу найрал хөгжимд хөгжсөөр дээд өнгө рүү чиглэж, tutti орж ирнэ. Энэ нь хурдан хэсгийн туршид оргилдоо /кульминаци/  хүрч байна. Дараа  нь хөгжмийн хэмнэлийн хувьд хэсэг тайвширч, нэгэн хэмнэлийн наймт арван зургаатын байнгын фон дээр морин хуурын уянгын аялгуу соль минорт давтан орж хөгжсөөр хөг шилжилт (модуляц) хийн цааш үргэлжилнэ. Үүгээр Meno mosso  хэсэг өндөрлөнө.

Ерөөс энэ хэсэг нь  тухайн концертын хамгийн сонирхолтой хэсгийн нэг бөгөөд эндээс найралжуулгын гайхалтай содон өнгө, үнэр амт илт мэдрэгдэх ажээ. Тухайлбал, морин хуурын эгшиглэнтэй сүлэн орж ирэх үлээвэр, цохиур хөгжмийн зэмсгийн гэнэтийн эффектүүд маш өвөрмөц бөгөөд үүнийг зөвхөн Өлзийбаяр гэгч хөгжмийн зохиолчийн сэтгэлгээний нарийн мэдрэмжтэй л холбон авч үзэхээс аргагүй билээ.

            Presto espressivo хэсэг нь тухайн зохиолын бас нэгэн өвөрмөц сонирхолтой хэсэг юм. Учир нь хурц догол хэмнэл бүхий 5/8, 7/8 хэмжээ ( размер) –тэй морин хуурын нумын техник болох холбоос (легато), огцом (стакатто), товшил (пиццикато) хосолсон энэ хэсэг нь маш өвөрмөц шийдэлтэй бөгөөд тоглоочийн техникийн хувьд ч, морин хуур, найрал хөгжимд зориулсан  зохиолын хувьд ч шинэлэг зүйл болжээ. Морин хуур нь угаас нумт хөгжмийн зэмсэг учраас энэ зохиолд өрнийн нумт хөгжмийн зэмсэг болох хийлийн олон штрих, техникүүдийг ашиглахыг эрмэлзсэн нь ажиглагдлаа. Тухайлбал, хурдтайгаар үсэргэн тоглох үргэлжилсэн гуравлал (триоль) нь “морин хуурт зориулсан концертуудад урьд өмнө нь байгаагүй, шинэлэг зүйл бөгөөд сургалтанд ийм төрлийн дасгалыг оруулах хэрэгтэй” хэмээн концертын гоцлооч, морин хуурч Д.Шинэцог ярьсан. Ерөөс монгол хөгжимд нэн түгээмэл тохиолддог наймт, арван зургаат хэмнэл нь хурдтай, тоглоход хялбар бөгөөд хөгжимчид ч үүнд гаршсан байдаг. Харин хурдан темп- д  нумаар үсэргэн тоглох үргэлжилсэн триолийн хүчтэй хувь нь (доль) нумын татах ба түлхэх хувь дээр ээлжлэн таарч байдгаараа их хүндрэлтэй байдаг ажээ. Н.Бүтэнбаяр удирдаач энэ тухай: “триолыг хурдан темпэнд хийлээр хөгжимдөхөд ч ярвигтай байдаг бөгөөд үсэргэж тоглоход хөгжимчнөөс үүнээс ч илүү нарийн ур чадамж шаарддаг” хэмээн хэлсэн юм.

Зохиолын энэ хэсгийн үргэлжлэх хугацаа бага боловч маш их зүйлийг багтааж чадсанаараа онцлог. Учир нь энд цохиурын догол хэмнэлүүд, чавхдаст хөгжмийн нумын содон штрихүүд, энд тэнд жингэнэн дуурьсах  ксилофон, треугольник, хонх зэрэг төрөл бүрийн зэмсэгт урьдын оноот эгшиглээ (лейттембр) дахин орж ирэх нь маш сонин ажээ. Хонх жингэнэх, цан цохих дуу улам алслан холдох мэт хөгжим төгсөнө.  

Moderato Баруун монголын бий бийлэгийн татлагын хэмнэл, хөг аялгат хөгжим морин хуурт эхлэх бөгөөд хэсэг явсны дараагаар найрал хөгжим өөр дэвсгэр хөгт залган авч давтах, улмаар гоцлооч найрал хөгжим  ээлжлэх зэргээр хүч нэмсээр хэсэг хугацаа өнгөрсний дараа морин хуурын эхний оноот эгшиглээ (лейттембр)-г нилээд татасхийн авах нь  дараагийн хэсэгт шилжих бэлтгэл болох мэт. Энэ холбоос хэсгийн дараа эхний /Presto/ давтан орж ирнэ. Судлаач миний ажигласнаар зохиолын энэ хэсэгт өрнийн сонгодог хөгжмийн зэмсэг болох хийл, альт зэрэг хөгжмөөр монгол хуурын татлагын өвөрмөц штрихүүдийг гүйцэтгүүлэх оролдлого хийжээ. Тэгээд ч хийлчдийн зарим нь “сонирхолтой, юм юмтай, эрч хүчтэй, энергитэй зохиол байлаа” хэмээн дүгнэн хэлснийг энд  дурьдах нь зүйтэй болов уу.     

  Presto Энэ хэсэгт баруун монголын татлага аялгууны элементүүдийг авч баяжуулсан морин хуурын нумын хурдан техниктэй концертын эхний хэсэг давтан орж ирнэ. Энд маш хурдан давхилт мэт нэг аяг (мотив)- ийг хөгжүүлж байна. Морин хуурын эгшиглэнтэй сүлэн орж ирэх найрал хөгжмийн зэмсгүүдийн гэнэтийн эффектүүд энд мөн давтагдах ажээ. Морин хуурын партия цаашид эрчимтэй хөгжсөөр найрал хөгжимд шилжин улам  хүч нэмсээр Tutti болж каденцийн өмнөх маш том кульминацид хүрнэ.



Cadenza  Каденц эхлэхдээ морин хуурт танил болсон оноот эгшиглээ (лейттембр)-г дахин сануулж, ингэхдээ тонгоруу маягаар хувилбаржуулан авсан нь сонирхол татаж байна. Энэ хэсэгт морин хуурч- тоглогчийн ур чадварыг олон талаас нь бүрэн дүүрэн гаргахыг зорьсон нь илт байна. Тухайлбал, хурдан темпэнд хроматик болон пентатоник эгшгүүдийг sul ponticello болон давхар эгшгүүдээр тоглох, тэр дундаа багассан тавцын давхар эгшгүүдийг хроматикаар өгсүүлэх, уруудуулах гэх мэт морин хуурын урын сангийн техникт зарим нь урьд өмнө тохиолдож байгаагүй штрих, техникийн үзүүлбэрийг шигтгэн оруулсан нь үнэндээ  Г.Шинэцог хуурчийн ур авьяасын нэгэн шалгуур болж чадсан юм. Каденцийн төгсгөлд исгэрүүлэл (флажолет)-ээр эхний удаан хэсгийн тема дахин эгшиглэнэ. Үүний дараа сүмийн хонх /campana/-оор мөнөөх л наймц, дөрөвцийн үсрэлт бүхий оноот эгшиглээ (лейттембр)-г сануулсны дараа шууд төгсгөл хэсэг буюу coda орж ирнэ. 

Coda Энэ хэсэг шууд л морин хуурын эрчимт аялгуугаар эхэлж, найрал хөгжимтэй сүлэн дуурьсах үед урьдын уянгалаг аялгуу орж ирэх бөгөөд нөгөөх урьдын найрал хөгжмийн эффектүүд үлээвэр, цан, яруу хэнгэрэгт нүргэлнэ. Уянгалаг аялгуу хувиралттай эгшиглэхийн сацуу  морин хуур орон зайгаа эзлэн авах тэр үед маш хүчтэй фанфар, цан орж ирнэ. Төгсгөл нэгэнт ойртжээ. Сүүлчийн хам эгшигийн давталтын оронд морин хуурын оноот эгшиглээ (лейттембр)-г дахин нэг сануулж, яруу хэнгэрэгт хам эгшигээр концерт шууд төгсөнө.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт” нийт 17 минут гаран үргэлжлэхдээ хөгжмийн зохиомжийн дуурьслын  хувьд уянгын сайхан аялгуу хийгээд орчин үеийн хэмнэлийн олон янз хувилбарыг оновчтой ашигласан, уран тансаг найралжуулгатай, хэн боловч сонирхон сонсууштай, судлууштай сайн бүтээл болжээ. Зохиогч энэ концертдоо хуурч - гоцлооч болон найрал хөгжмийн өрсөлдөөнийг харуулахын сацуу тэдний  харилцан тэнцвэртэй байдлыг ихэд бодож хийсэн нь илэрхий байна.  Манай хөгжмийн зохиолчдын морин хуурын концертууд ихэвчлэн удаан темпээр төгсдөг бол энэ концерт хурднаар дуусч байна. Энэ мэт хөгжмийн зохиолчийн аль болох шинэлэг санаа, өвөрмөц шийдэлтэй бүтээл туурвих гэсэн чин эрмэлзлийг тухайн бүтээлээс олж харах бүрэн боломжтой юм.  

Эцэст нь агуулгын хувьд монгол орны газар нутгийн өргөн орон зайг хамарч, өнгөрсөн, одоо хэмээх цаг хугацааг холбон түүчээлсэн нилээд ултай, суурьтай, бядтай хөгжмийн бүтээл болсныг онцлон тэмдэглэж байна. Энэ зохиол нь цаашид мэргэжлийн морин хуурын сургалтын урын санд хүндтэй байр эзлэн, хөгжимчдийн ур чадварын  түвшинг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.  

Бүтээлээс бүтээл төрдөг гэгчээр Ш.Өлзийбаяр хөгжмийн зохиолч энэ зохиолоо өчүүхэн судлаач миний (Ph.D) докторын зэрэг хамгаалсан хуурын татлагын тухай диссертацийн сэдвээс санаа авч туурвисан гэдэг. Санаагаа эгшиглүүлж, олныг баясгах түүний аялгуун зам урт, дардан байг.



Урлаг судлалын ухааны (Ph.) доктор, хөгжим судлаач Д.Энхцэцэг
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2011.12.12

No comments:

Post a Comment