Tuesday 2 April 2013

Ш.Өлзийбаяр: Төрөөс мөнгө өгсөн өгөөгүй хөгжмийн урлаг жамаараа хөгжинө



     
Урлагийн тэргүүн бүтээл шалгаруулах “Гоо марал” наадмын Хөгжмийн урлагийн шилдэг бүтээлийн эзэн СУИС-ийн хөгжмийн онолын багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай уулзаж баярынх нь сэтгэгдлээс хуваалцлаа.

-“Гоо марал”-ын эзэн болсонд баяр хүргэе. Шагнал авсан бүтээлээ танилцуулаач?

-Баярлалаа. Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Төгөлдөр хуурын токката” гэдэг бүтээлээрээ “Гоо марал”-ын эзэн боллоо. Энэ бүтээл маань наймдугаар сарын 2-нд Италид болсон Олон улсын хөгжмийн зохиолчдын 16 дахь наадмаас гуравдугаар байрын шагнал хүртсэн. Бүх үндэстний дунд 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа терроризмын эсрэг эвлэлдэн нэгдсэн улс орнуудын дунд болдог дэлхийн томоохон уралдаануудын нэг юм. Уралдааны ерөнхий шүүгч нь Энни Мориконни гээд киноны хөгжмийн хаан гэж нэрлэгддэг Загалмайлсан эцэг, Америкт нэг удаа гээд дэлхий даяар алдаршсан киноны хөгжмийг бичсэн хүн байгаа. Энэ уралдаан нь Италийн Баллони хотод болсон. Италийн ерөнхийлөгчийн ивээл дор мөн Австрийн хөгжмийн зохиолч Моцартийн сантай хамтран зохион байгуулдаг уралдаан. Дараа нь эх орондоо ирээд хөгжмийн “Алтан намар” наадамд тоглуулсан байгаа. Энэ бүтээлийг маань их өндрөөр үнэлж, улсын сан хөмрөгт худалдан авсан. СУИС миний бүтээлийг дэвшүүлээд энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна.

-Хөгжмийн урлагтай хэзээнээс холбогдов?
 
-Манай эцэг, эх багш хүмүүс. Ээжийн талд “Ардын эрх”-ийн Ариунаа гэж алдаршсан Л.Цэндсүрэн гуай, Дуурийн театрын Э.Эрдэнэбат гээд урлагийн хүмүүс байгаа. Миний хувьд 6-р ангиасаа морин хуур, дараа нь төгөлдөр хуур тоглож сурсан. Тэгээд Соёлын коллежийн Хөгжмийн багшийн ангид орсон ч Улан-Үдэ хот руу шилжсэн. Төгсч ирээд СУИС-д нэг жил суралцаад Москва хотын СУИС-д таван жил суралцаад төгссөн. Төгссөнийхөө дараа СУИС-даа багшаар ирээд өнгөрсөн жил ОХУ-д хөгжмийн зохиолчоороо мэргэжил дээшлүүлсэн.

-Мэдээж энэ том амжилтыг багшгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Мэргэжлийн багш нарынхаа талаар дурсахгүй юу?

-Миний мэргжлийн багш Г.В Чернов гэж хүн байдаг. Энэ хүн Оросын нэртэй хөгжмийн зохиолч. Багш маань зургаан симфони, олон дан төрлийн хөгжмийн зохиол бичсэн. Энэ хүний арга, техникээр Монголд хараахан гарч амжаагүй байгаа олон дүрслэлийг бий болгохыг зорьж байна. 10 жилийн дуу хөгжмийн Батнасан, Соёлын коллежид төгөлдөр хуурын багш Батбаяр, Баатархүү гээд нэрлээд байвал олон сайхан багшийн хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог.

-Мэргэжлийн сургуульд боловсрол эзэмшсэн хүний хувьд монгол, орос оюутнуудын чадвар хэр ялгаатай байдаг бол?

-Монголчууд авъяасаараа хаана ч дутахгүй гэдгийг хүн болгон хэлдэг. Манай улсын хувьд орчин хамгийн их дутагддаг. Оросын хажууд хаана нь хүрэхгүй. Орост бүр тусдаа хөгжмийн сургууль гэж байдаг. Тэнд нь хүүхдүүд нэгдүгээр ангиасаа хөгжмийн онол үзнэ. Тэрнээсээ өмнө хөгжмийн цэцэрлэгт сурсан байх ёстой. Тэгж багаасаа хөгждөг байхад манайд хөгжмийн дээд сургууль байхгүй гээд бод л доо. Тэгэхээр л жаахан хэцүү болоод байгаа юм. Сайн хөгжмийн зохиолч болъё гэсэн хүнд системтэй боловсрол мөн үзэж судлах ном сурах материал их чухал. Гэтэл тийм орчин манайд одоохондоо алга байна. Нэг үеэ бодвол зөвхөн Орост сурдаг байснаа болиод дэлхийн аль ч оронд чөлөөтэй сурч байгаа нь нэг бодлын их давуу тал юм.

-Уран бүтээлчдийн бүтээлийг улсын сан хөмрөгт худалдаж авдаг болсон нь уран бүтээлчдэд нэлээдгүй урам өгч байгаа байх. Таны бүтээлийг улс хэдэн төгрөгөөр үнэлэв?

-Энэ үнэхээр зөв алхам болсон. Гурван жилийн өмнө энэ тушаал гараад үүний дагуу жилд 30-50 сая төгрөг зөвхөн хөгжмийн бүтээлийг худалдаж авахад төсөвлөдөг болсон юм билээ. Манай хөгжмийн зохиолчдын хувьд жил бүрийн “Алтан намар” наадмаас энэ бүтээлүүд шалгардаг. Энэ жилийн хувьд миний бүтээл хамгийн их үнэлгээг авсан гэсэн. Дунджаар 1-5 сая төгрөгөөр үнэлдэг. Жилдээ 10-аад бүтээл улсын сан хөмрөгт ордог.

-Хөгжмийн бүтээл 1-5 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэдэг бага биш үү. Дуучид өнөөдөр хоёр газар дуулаад олох мөнгө шүү дээ?

-Дэлхийн хэмжээнд харьцуулахад маш бага ч Монголдоо бол яах вэ нэр төрийн асуудал болоод өнгөрч байна. Хөгжмийн бүтээлийг ийм бага үнэлдэг болохоор нөгөө нийтийн дуу руу хошуураад байгаа чинь үүнтэй холбоотой. Нэг хөгжмийн зохиол бичих гэж үйл тамаа идэж байснаас нэг сайхан дууны ая бэлэн гурван саяар хийж өгөөд сууж байсан нь дээр болоод байна.

-Хөгжмийн зохиолчдын хувьд зөвхөн уран бүтээлээрээ амьдралаа авч явна гэхэд хэцүү л дээ. Зохиогчийн эрхийх нь хувьд хэр хамгаалдаг гэж бодож байна. Магадгүй ирээдүйд хөгжмийн зохиолчдын хувьд бүтээлээрээ хоолоо олох боломж байгаа болов уу?

-Сүүлийн таван жилд зохиогчийн эрхийн асуудал их яригдаж байгаа ч асуудлыг зөв тал руу нь оруулсан юм байхгүй байна. Гадаадад бол хэдэн такттай байхад л ерөнхийдөө амьдраад байна. Жишээ нь, бидний сайн мэдэх Nokia гар утас нээгдэхэд дуугардаг аяыг зохиосон хүн сардаа 2-3 сая ам.доллар авдаг байхад манайд том том бүтээл туурвиад байхад л тэр нь үнэлэгдэж чадахгүй байна. Хөгжмийн зохиол байтугай дуугаа ч нэг тийш нь шийдэж чадахгүй юм. Энэ талын нэлээд хэдэн холбоод байдаг юм билээ. Тэд нар нэгдээд нэг юм хийгээсэй гэж хүсэх юм даа.

-Мэргэжил болгон өөрийн гэсэн мөн чанартай байдаг. Хөгжмийн зохиолч хүн чухам юугаараа ялгардаг юм бол?

-Би хөгжмийн зохиолчийг хамгийн сайхан мэргэжил гэж боддог. Яагаад гэвэл, хүмүүсийг баясгадаг гэдэг утгаараа. Хөгжмийн зохиолч хүн өөрийн дотоод сэтгэлийг хөгжмөөрөө илэрхийлдэг учраас бусад мэргэжилтэй харьцуулахад хамгийн аугаа нь. Н.Жанцанноров гуайн хэлсэн үг санаанд орж байна. “Хөгжмийн зохиолч гэдэг бол Их хувь тавилан Их хувь тамлан” гэж. Зөвхөн авъяасаас гадна өндөр боловсрол шаарддаг гэж би боддог юм.

-Мэргэжлийн хөгжмийн зохиолчдыг нийтийн дуу руу ороход багш нар нь их дургүй байдаг гэж сонссон. Яагаад юм бол?

-Хөгжмийн зохиолч болж төлөвшөөгүй байхдаа дуу хийх нь цаашид бүтээл туурвихад их муугаар нөлөөлдөг гэж үздэг юм. Хөгжмийн зохиол хамгийн багадаа нэг цаг гаран байдаг бол дуу ердөө 3-5 минутын бүтээл шүү дээ. Хөгжмийн зохиолчид дотоод сэтгэхүй их сайтай байх ёстой. Тэр чадварт нь нөлөөлдөг учраас нийтийн дуу руу оруулах дургүй байдаг. Монголд нийтийн дуу нь олонд хүрсэн хөгжмийн зохиолч их байдаг. Нэгэнт л аль алинаа хийж чадаж байгаа бол тэрнийг үгүйсгэх аргагүй л дээ.

-Монголын хөгжмийн урлагийн ирээдүйг та хэрхэн төсөөлж байна?

-Маш өөдрөгөөр төсөөлдөг шүү. XXI зуун бол язгуур урлагийн зуун болж байна. Тэгэхэд манай улс язгуур урлагийн ямар их арвин сантай билээ. Үүнийгээ ашиглаад дэлхийн давцанд гарах боломж бүрэн байгаа. Миний энэ жилийн Италид оролцсон уралдаан ч гэсэн энэ амжилтанд нэлээн нөлөөлнө гэж бодож байна. Нэг хэсэг зохиогдоогүй байж байгаад энэ жил дахин зохиогдож байр эзлээд Засгийн газарт журмын дагуу асуудал тавихад нэгдүгээрт уралдааны чинь нэр алга, хоёрдугаарт энэ уралдаанд манайхаас ямарч хөгжмийн зохиолч оролцож байгаагүй юм байна гээд урамшуулаагүй. Гэхдээ би гомдохгүй. Яагаад гэвэл, улс миний бүтээлийг худалдаад авсан, дээр нь дараа дараачийн хүмүүст хөрс нь болно гэдэг чинь хамгийн том амжилт гэж үзэж байна. Ер нь спортоор бол дэлхийн аварга л гэсэн үг. Тиймээс хөгжмийн зохиолчдын тэмцээн уралдааны зэрэглэлийг тогтоох хэрэгтэй гэж бодоод байгаа юм. Төрөөс мөнгө өгсөн өгөөгүй хөгжмийн урлаг өөрийн жамаараа хөгжинө. Гэхдээ уран бүтээлчдэд урам хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсийн. Хүн чинь урмаар амьдардаг сэтгэлийн амьтан. Нөгөө талаар дэлхийд гарах гарц нь юм.
 

С.Эрдэнэтунгалаг
Эх сурвалж:
http://erkatungaa-erka.blogspot.com/2011/02/blog-post_3110.html

No comments:

Post a Comment