Wednesday 3 April 2013

Өндгөө хагалуулсан тогоруу төмөр дөрөөг сэтэртэл хараасан нь



2012 оны 10 сарын 25

“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...
Хүн байгаль хоёр хэл, үйл хөдлөлөөрөө ойлголцохгүй ч нэг нэг­нээ­сээ харилцан хамааралтайгаар дэлхий ертөнцөд оршин тогтнодог. Энэхүү үйл өгүүлэмжийг Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид өчигдөр "Дөрөө" нэртэй модерн бүжгэн жүжгээрээ үзэгчдэдээ толилууллаа. Гэхдээ тэд Хүннүгийн үеийн цэрэг, тогоруу хоёрын хоорондын далд харилцааг харуулсан юм. Тоглолт ДБЭЧ-ын тайзнаа болсон. Үзэгчид ч олноор цугласан болохоор эзэнгүй суудал ховор байв. Гадаадын үзэгч олон байсан нь манай улсын сонгодог болон ардын урлагийг хэрхэн сонирхдог, манайхан тэдэнд ямар их сэтгэлийн цэнгэл хүртээдэг нь илт байлаа.
Бүдэг гэрэлд Хүннүгийн үеийн дайчдын хэрэглэж байсан эмээлийн сэнжин ган дөрөө харагдана. Түүнчлэн олон тогорууны ганганаа энд тэндгүй сонсогдож, тэнгэр эмжин халин нисч буй адил нүдэнд төсөөлөгдөхийн зэрэгцээ голын сайран дээр тогорууны өндөг цайран харагдана. Тэр агшин бол эгэл жирийн тогорууны амьдрал. Энэ нь тус жүжгийн эхлэл. Төд удалгүй тайзны хоёр талд эмэгтэй, эрэгтэй хөгжимчид байрлаж хөнгөн ая эгшиглэнэ. Энэ бол удиртгал буюу дээд тэнгэрээс заяат Монгол хүн түүхэнд тод ул мөртэй үлдсэн шүү гэдгийг илтгэж байгааг харуулна. Тоглолт нь хоёр бүлэг, долоон үзэгдэлтэй. Хоёрдугаар хэсэгт нь тогоруунуудын цэнгэлийн хэсэг үргэлжилсэн. Жигүүртэн шувуу эх байгальдаа хэрхэн баясч цэнгэдэг, хосоороо ямархан жаргалтай байдаг, бяцхан ангаахайнуудтайгаа ямар их аз жаргалтай байдгийг бүжигчид тодоор илтгэх нь үзэгчдийн сэтгэлийг улам хөөргөнө. Тогорууны ааш, авирыг ч тус уран бүтээлчид нарийн судалж илтгэсэн нь тэрхүү модерн бүжгэн жүжигт хэрхэн ач холбогдол өгснийх.
Гуравдугаарх нь хамгийн эрч хүчтэй буюу авын хэсэг. Хүннүгийн үеийн өмсгөлт баатрууд авд яваагаар дэндүү дайчин эрчимтэйгээр бүжиглэнэ. Аливаа нэгэн анг улангасан хөөж буйг дүрсэлж нум сумаар харван намнаж байгаагаар хөдөлгөөн үргэлжилнэ. Тэр үедээ анчид дээрх тогорууны өндгийг мориороо санаандгүй бяц гишгүүлнэ.
Түүнээс болж үдэлт буюу гуравдугаарт хагацлын хэсэг өрнөх аж. Үүнд тогоруунуудын хашгираан гаслах мэт сонсогдох эмгэнэлт аялгуу үзэгчдийн сэтгэлийн харууслыг улам төрүүлнэ. Дээрээс унах чимээ газар мөргөн унасан тогоруунуудын гунигт бүжиг өрнөнө. Хайр харууслын бүжгийн төгсгөлд тогоруунууд газар нэвсийн унаж, хагархай өндөгнүүдээ даран энхрийлж, гар, толгой нь тэнгэрт хандан цоролзох нь амар амгалан бүхэн хагацалгүй амьдралыг гуйх лугаа. Энэ үед эмэгтэй дуучин гоцолсон энэлэнт уртын дууг шуранхайлуулна. Амьд үлдсэн тогоруунуудын тэнгэрт мөргөсөн мөргөлийн бүжиг өрнөв. Түүгээрээ тэд бие биенээ энэрэх сэтгэлгүй бүхнийг зүхсэн мэт агуулгатай бас аргаа барж царайчилсан, гуйж, гутарсан уянгын агаад далд хилэнтэй бүжгээр илтгэнэ. Үдэлт буюу дөрөвдүгээр явдалд хатад охидын уянгын бүжгээр эхлэв. Үүгээр эх бүхэн адил хэмээсэн утгыг илтгэж байгаа юм. Цэрэг эрс дайнд мордож буй бүжиг эрчүүдийг ээж нь үдэж байгаа ёс жаяг бүхий цацлын бүжгээр солигдоно.
Энэ нь үрдээ зовнисон эхийн сэтгэл, хөөрүү залуу насны омог бардам хөдөлгөөний нийлбэр байв. Дараа нь хараал буюу тавдугаар хэсэгт бөөгийн бүжгээр эхэлнэ. Энэ нь хагацал үзсэн тогоруунуудын аргаа барсан харууслаа хэн нэгэнд илэрхийлж гомдлоо тайлах хараал хийж буй мэт догшин бүжиг юм. Тайзан дээр дөрөө хагаран унаж, цэргүүд үхэтхийн унана. Тогоруу төмөр дөрөө сэтэртэл хараадаг гэдэг энэ буюу. Төгсгөлд нь тайзан дээр дүүрэн бамбайнууд. Гэвч нэг ч амьд хөдөлгөөн байсангүй. Тогорууны хараал хүрсэн цэргийн хувь заяа энэ ажээ.
Жүжгийн цомнолыг Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн, хөгжмийг Ш.Өлзийбаяр, найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр ажиллажээ. Бүжиг дэглээчээр СУИС-ийн багш, “Түмэн-Эх” чуулгын бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг томилогдсон байна. Найруулагчаар Д.Энхбаяр, хувцасны дизайнераар доктор Б.Мөнхцэцэг, тайзны зураачаар Н.Содномдорж, гоцлол бүжигчнээр Б.Жаргал, Ч.Сэсээрхүү нар ажиллалаа.
Тоглолтын төгсгөлд тайзнаа Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гарч тус уран бүтээлчдэд баяр хүргэсэн юм.
У.Баярсайхан

No comments:

Post a Comment